Still waiting ...
Оцон шувууд шуурга өөд нуруугаа харуулан, шахцалдан зогсож өвлийн шуурганаас амиа хамгаална.
Харин одоо хүсэн хүлээсэн цаг ирж өвөл дуусчээ. Энд тэндгүй учрал. Эх үр, эр эм. Өнчрөгсөд үрчлүүлж, хагацагсад шинийг эрнэ. Ирэгсэд хоол хүнс авчирч үлдэгсэдийг тэтгэнэ. Гэтэл тэр л хэнийг ч үл хайна. Урин дулаан хэдийнэ ирсэн ч тэрний сэтгэлд өвөл дуусаагүй л байна. "Тэр ирэх ёстой". Хагархай өндөгний дэргэд тэр хичнээн удаан хүлээж буй нь үл мэдэгдэх...
Unmeaning.
Тэнд ч дүнгэнээл, энд ч дүнгэнээл. Шинэ амраг, шинэ найз, шинэ дайсан, бэлэн хоол, хүйтэн шөнө, гэсгээх наран, үхэл, яг дэргэд нь төрөлт, учрал. Бүгд үнэ цэнэгүй мэт амархан. Өдөр бүрт л ... Залхсан ялаа. "Далавч минь ямар хариугүй юм бэ?. Дүүлэн тээр өндөрт нисэхсэн"...
Sacrifice.
Өдөржин нэхээд л, нэхээд л. Огтхон ч амсхийх зав үгүй. Чичиргээн ... Ялаа юу?. Шумуул уу?. Зөгий юу?. Догдлол. Тарчилж буйг нь харах сайхан. Амь тавих хүртэл нь хүлээнэ. Бас догдлоно. Нүгэлт аалз.
...Одоо тэр том болжээ. Орчлон нь дуусч буй. Тэнхээ нь ч барагдаж буй. Өдрөөс өдөрт өр төлөөсөө нуруунаас нь шимж бойжиж буй өөрийн удамдаа төлж байгаа хэрэг. Дахиад л шинэ нүгэлтэн...
Duty.
Арван мянга. Арван мянга нэг. Тэр тоолж барах мэт тоолно. Арван таван мянга. Арван таван мянга нэг. Зөөсөөр л. Хичнээн шоргоолж үүнийг идэж хүрэлцэх бол?. Үгүй ээ. Бид чинь тоо томшгүй олон. Тэгэхээр зөөх л хэрэгтэй...
Learning.
Туниа муутай янзага. Бас доголон. Гурван бэлтрэгийн эсрэг тэр ганцаараа. Хоёр нь ноцно. Хөөрхий тэмцэнэ. Үлдсэн нэг нь "Өрөвдөөч түүнийг". Эх чоно архирна. "Миний амьдрал ийм харгис гэж үү?"...
Satisfied.
Цуваа алхаа. Хошуунд нь жингэр. Газар шиншлэн яваад л. Ардаас нь том жижиг олон нохой. Жингэр буланд очоод зогсов. Архиралдаан. Толгой эргэм. Нүд эрээлжлэм. Үл ойлгогдом. Өрсөлдөгчид цөөрсөөр.
...Хүйтэн хөрсөн дээр шархаа долоон хэвтэнэ. Тэр бүгдийг ялсан. Шагналаа ч авсан. Ханасан. Үнэтэй шагнал хямдхан ухамсар...
Belief.
Харанхуй үл мэдэгдэм. Тэр айдас төрүүлэм. Үл мэдэгдэм бүхэн айдас төрүүлдэг. Тэнд. Гэгээ. Ямар үзэсгэлэнтэй вэ. Тийм ээ. Яг л миний мөрөөдөл. Шарррр. Шатаж үхсэн дэнгийн эрвээхэй...
Decided.
Цагын эргэлтээр ирэх хатуу өвлөөс хань ижил, ахан дүүсээ авран хамгаалахаар нүхээ таглан яваа тийм л нэг зурам. Тэр нутаг нугад нь орших хэдэн овог отог зурамны нүхнүүдийг бүгдийг нь бөглөх ёстой ажээ. Тийм ээ энэ удаад тэр сонгогдсон. Магад өөрөө сонгосон. Цагаан цасан дээгүүр дур мэдэн харайж, юунаас ч үл эмээн идэх хоол, хямгадах амины төлөө бус тэр энэ удаад үхэл рүүгээ алхаж буй. Яг л түүний хүссэн шиг. Тийм мэдрэмж. Тэр айдсыг ардаа орхисон...