Гараас минь барих у?
Хамтдаа зугтая тэгвэл
Биеэ, нэрээ, бухимдлаа
Бичсэн шүлгүүдээ, дэвтэртэйгээ
Өнгөрсөн дурсамжуудаа
Өрөөлд өгсөн хайруудаа
Алдсан эндсэн алдаа оноо
Ардаас үргэлж дагах харуусал
Хормойд ямагт зүүгдэх ухамсар
Хоосон мөрөөдөл сохор тэмүүлэл
Хорсол гуниг атаа жөтөө
Хэрэггүй бүхнээ үлдээе
Тэгээд:
Зүрхээ гаргаж сайтар гөвөөд
Зүлгэж өнгөлж тослоод
Зөвхөн чамд тушаая
Харин чи гараас барих у?
Хамтдаа зугтая тэгвэл
Тэгээд өөрөөсөө одохсон.